emiin gaj noloo
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж буй бодис юм. Эрт үед хүмүүс ургамлын навч идэх, хандалж цай болгон ууж хэрэглэх замаар ургамлыг эм болгон хэрэглэдэг байжээ. Өнөө цагт эм нь уудаг шахмал байхаас гадна зүү, тариур ашиглан булчин, судсанд тарих тарилга, арьсанд наах наалт болон түрхэх тос гэх зэрэг олон хэлбэрээр хэрэглэгдэж байна. Эмийн үндсэн 2 төрөл бий. • Жороор олгох эм гэдэгт зөвхөн эмчийн бичсэн жороор худалдаалагддаг эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд хүргэдэг тул зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогддог ажээ. • Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй эмийн сангаас авч болох эмүүд орно. Эмийн үйлчилгээ Эм болгон өөр өөрийн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Зарим нь өвчнөөс сэргийлэхэд туслаж байхад, нөгөө нь өвчин үүсгэгч нянг устгадаг, үлдэх хэсэг нь дархлааг сэргээдэг, эсвэл биеийн даавар, ферментийг нөхдөг гээд эмийн үйлчилгээ олон янз байна. Хүний биемахбодыг тодорхой өвчин тусахаас сэргийлж дархлаа тогтоодог эмийн бодисын төрлийг “вакцин” гэнэ. Харин нянг үхүүлэх үйлдэлтэй олон янзын эм байдгийн нэг хэлбэр нь антибиотик бөгөөд энэ нь нянг устгах, өсөлтийг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Зарим эм архаг, удаан явцтай “багтраа” зэрэг өвчинд удаан хугацаагаар хэрэглэхээр заагдсан байдаг бол зарим нэг нь яг одоогоор илэрч буй өвдөлт, загатнаа зэрэг шинж тэмдгийг арилгах, багасгах зорилгоор богино хугацаанд хэрэглэгддэг байна. Эм биед хэрхэн нөлөөлдөг вэ? Хүн бүрийн биемахбод өөр өөрийн өвөрмөц онцлог чанартай байдгаас эмийн бодис хүмүүст харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг. Хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлох хүчин зүйлүүдэд нас, биеийн жин, одоогийн биеийн ерөнхий байдал зэрэг нь орно. Эмийг хавсруулж хэрэглэхэд зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой нөлөө үзүүлж болдог. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эм уухад анхаарах бас нэгэн зүйл нь эмэнд харшилтай байх явдал. Хэрэв харшилтай гэдэг нь тогтоогдсон бол тухайн эмийг ерөөс хэрэглэхгүй байх нь дээр байдаг. Эмийн гаж нөлөө Хэдийгээр эмийг зөв, зааврын дагуу хэрэглэсэн ч сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол цөөнгүй бий. Үндсэн үйлчилгээнээс гадна биед үзүүлж буй сөрөг нөлөөллийг “эмийн гаж нөлөө” гэдэг. Нойрмоглох, толгой эргэх, ходоод өвдөх зэрэг гаж нөлөө түгээмэл илэрдэг. Нэгээс олон эмийг нэг дор хэрэглэх нь гаж нөлөөг ихэсгэхийн зэрэгцээ хамт хэрэглэхээр зөвшөөрөгдөөгүй эмүүдийг цуг хэрэглэвэл аминд халгаатай байдалд хүргэх нь бий. Иймд эмч болон эмийн санчид одоо ууж буй бүх эмээ болон өмнө нь уусан эмүүдээ хэлж мэдэгдэх нь чухал. Эмийг удаан хугацаанд хэрэглэх нь тухайн эмэнд тэвчилтэй байдлыг үүсгэдэг. Энэ нь эмийг байнга ууснаар түүний үйлчлэлийг биемахбод мэдрэх нь багасч улмаар эмийн өмнө нь үзүүлж байсан үр дүнд хүрэхийн тулд тунг нэмж уух хэрэгцээ тулгарахыг хэлдэг. Ийм байдал нь яваандаа аюултай байдалд хүргэх тул эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.